ХАЗААР...

ХАЗААР...

Удахгүй монголчууд бидний хүсэн хүлээдэг их баяр цэнгүүн Монгол наадам болох гэж байна. Монгол даяараа дэнж хотойтол нааддаг энэ сайхан баяраа хүндэтгээд “Амьд явбал наадам үзнэ” хэмээх хэлц үг хүртэл зориулсан хэдэн мянган, зууны тэртээгээс уламжлан ирсэн, үндэсний их өв соёл болох “наадам” айсуй цагаар нөгөө л жилийн жилд маргаж талцан, жагсаж цугладаг хэрүүл дахин сэдрэв. Эвлэдэгүй, ойлголцдоггүй ямар гээчийн бугшсан хэрүүл вэ? Жил бүр, наадам дөхөхөөр сэдэрдэг гамшигт энэ хэрүүл уруулаас болж, залхаж төрийн их баяр наадамд тоосоо өргөн хурдалдаг хурдан ажнайн тоо цөөрсөөр байгааг анзаарч байгаа ч хүн алга. Энэ жил бүр тоо нь цөөрөх биз. Учир шалтгааныг нь сүүлд өгүүлэмз.   

Ингэхэд Монгол Улсыг дэлхий нийт юугаар нь таньж, мэддэг вэ? Дэлхийн талыг эзэлж, урьд хожид байгаагүй их гүрнийг цогцлоосон Чингис хаан болон хэдэн мянганы тэртээгээс өдгөөг хүртэл уламжлагдан ирсэн нүүдлийн соёл иргэншил буюу мал аж ахуйгаар л мэддэг гэвэл нэг их ташаарсан болохгүй биз. Тэгвэл энэхүү монгол өв соёлыг Увсын Хяргас, Говь-Алтайн Халиун, Завханы Баянтэс, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Галшар, Хөвсгөлийн Галт, Дорнодын Халхгол гээд эх орны маань 21 аймаг 330 гаруй суманд амьдарч, мал аж ахуйгаа эрхэлж яваа эгэл жирийн малчид тээж явдаг. Түүнээс бус Улаанбаатарт хотод өчнөөн тэрбумын хаузанд тарвалзаж, жип хөлөглөсөн, үнэтэй жүчээнд тусгай тэжээлээр борддог эрлийз адуутай уяач хэмээх сэтэртэй компанийн захирлууд тээж явдаггүй юм. Тэд ердөө л хурдан морьны донтнууд, монгол наадмыг бэл бэнчингээрээ будлиан, хэрүүлийн талбар болгож байгаа хүмүүс. Учир нь Монгол Улсад 330 мянга гаруй уяач байдгаас хөдөө суманд, мал дээр 320 орчим мянга нь бий. Тэднээс сүүлийн жилүүдэд хуруу дарам цөөхөн нь төрийн наадамд морьдоо авчран уралдуулжээ. Энэ бол маш их эр зориг. Тэгвэл эрлийз адуутай гэж албан ёсоор бүртгэгдсэн 200 хүрэхгүй уяач байгаа юм. Тэдний цаана том компанийн эзэд, улс төрчид байдаг. Зарим нь ч бас ичихгүй алдарт уяач цол хэргэмтэй. Ердөө энэ хэдэн хүмүүсийн эрлийз морьдод зориулаад дэлхийд гайхагдсан Монгол наадмаараа гурван нас уралдуулж суугаа нь арай л даварсан, эмгэнэлтэй хэрэг биш үү. Гурван сая таван зуун мянган монгол хүн бөхөө үзэж, сураа харж, хурдан хүлгээ шимтэн баярладаг, нийт монголчуудын цэнгэл наадам болохоос хэдэн баячуулын эрлийз морьдоо уралдуулдаг спортын тэмцээн яав ч биш ээ, Монгол наадам. Жилийн жилд гардаг хэл ам чинь ердөө л энэ мэт цөөхөн хүмүүсийн үйлдэл юм.

Хэдэн мянганы тэртээгээс өвлөгдөн ирсэн, нүүдэлчдийн өвөрмөц соёл, ёс заншлыг илтгэн харуулдаг учраас л Монгол наадмыг 2015 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авсан болохоос спорт гэдэг утгаар нь бүртгээгүй билээ. Ийм учраас л наадмаар эрлийз морьд уралдаж болохгүй юм. Энэ чинь монголд л наадам юм шиг харагдаж байгаа болохоос хил даваад л гадаадад спорт гэгдээд явчихаж байгаа юм. Учир нь эрлийз морьд бол зориуд гаргаж авсан хурдан удмын морьд. Харин монгол адуу бол өөр. Адууны язгуур, адууны төрөлд хамрагдах, гэрийн тэжээвэр адууг монгол адуу гэнэ хэмээн дэлхийн үүлдэр омгийн малын бүртгэлд 1991 онд ийн тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл монгол адуу бол адууны язгуур төрлөөр үлдсэн цорын ганц адуу юм. Тийм учраас л уяа сойлго тааруулна гэдэг маань нүүдэлчдийн гайхамшигт өв соёл болж байгаа юм. Энэ гайхамшигт өв соёлтой угийн хурдан араб, англи, томск гэх мэт эрлийз морьдыг авчран уралдуулах нь шударга өрсөлдөөн бус гутамшиг. Цэвэр цусны монгол адууныхаа уяа сойлгыг тааруулж чадахгүй, эрдэм чадал үгүй учраас л хялбар аргаар ялах гэж эрлийз морьд авчран уралдуулж байгаа нь наадмын айраг, түрүүг луйвардаж авч байгаатай ялгаа юу байна. Тэдэнд монгол өв соёл, уламжлал, цэнгэлийн манлай наадам огт хамаагүй, гагц яаж ийгээд л түрүүлэх, цол хэргэм хүртчих гэсэн дон л шүгэлчихээд байгаа юм.

Монгол улс сүүлийн 20 гаран жилийн хугацаанд гадаадаас 3780 адуу оруулж иржээ. Үүнийгээ монгол адуутай эрлийзжүүлээд нэг, хоёр дугаар үеийн эрлийзүүд гаргаж аваад наадмаар уралдуулаад байгаа юм. Зарим нь бүр адуугаа эрлийз гэдгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэр нь цэвэр цусны монгол адуу гээд гөрдсөөр байгаад наадмаар уралдуулах жишээтэй. Хуучин цагт нас болгонд 400 гаруй морьд уралддаг байлаа. Тэгвэл тэд хаачив? Цэвэр цусны монгол морьд эрлийз морьдтой уралдаад нэмэргүй гэдгийг мэддэг болсон учраас, угаас наадамд булхай луйвар ордог гэдгийг хангалттай харж биеэр мэдэрсэн учраас залхаж, шантарч ирэхээ байсан. Өнгөрсөн хэдэн наадмаар нас бүрд зуу гаруй морь уралдав. Тэр зуун морьны чинь арваад нь нэг галын морьд гэхээр төрийн наадам маань ердөө арав гаруйхан галын наадам л болж байна гэсэн үг. Чухам эдний цаана л нөгөө эрлийз морьд хэмээх асуудал чинь яваад байгаа юм. Хэчнээн монгол адуу, эрлийз адууг сэрвээний өндрөөр ялгана гээд даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 136 см, соёолон азарга 140 см, их нас 141 см гэж тогтоосон ч энэ нь бас л учир дутагдалтай. Заасан энэ хэмжээнээс өндөр цэвэр монгол морьд ч байна, бага биетэй эрлийз морьд ч бас бий. Тийм учраас морины шинжээр нь ялгаж, шүүж чадах мэргэжлийн хүмүүсээр комисс байгуулж наадмаар ажиллуулах хэрэгтэй. Одоо л энэ асуудлыг дарж авахгүй бол жилийн жилд хэрэлдсээр дасал болж эцэстээ хамаг адуугаа эрлийзжүүлж дуусна шүү. Тэр цагт хазаар л үлдэх вий.